
Сурагчдын дүрэмт хувцас 120-130 мянган төгрөг болно
Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Шинэчлэлийн Засгийн газар “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгох шийдвэр гаргасан. Мөн ирэх хичээлийн жилээс эхлэн аймаг дүүргийн ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загвараар хувцаслах болоод байгаа.
Үүний дагуу сурагчийн дүрэмт хувцасны загварыг БШУЯ батлаж захиалгаа ҮХААЯ-нд өгөхөөр болж ажлын хэсэг ч байгуулагдсан аж. Ажлын хэсгийнхэн дүрэмт хувцас үйлдвэрлэгчидтэй уулзалт хийхдээ хэлэлцсэн ярилцсан бүхэн нь тэдний дургүйцлийг хүргэжээ.
ҮХААЯ-наас дүрэмт хувцасны үйлдвэрлэгчдэд зориулан долоон тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж шахаж цөөн тооны компаниудаар хувцас үйлдвэрлүүлэхээр зэхэж байгаа гэдгийг тус холбооны тэргүүн Ж.Оюунчимэг ярилаа.
Түүгээр ч барахгүй өнгөрсөн хугацаанд 30-45 мянган төгрөгөөр үйлдвэрлэгдэж байсан дүрэмт хувцас 120-130 мянган төгрөгөөр үйлдвэрлэгдэнэ хэмээн ҮХААЯ-ны холбогдох албан тушаалтнууд ярьсан гэв. Ингээд энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-ҮХААЯ-наас үйлдвэрлэгчдэд долоон тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр бэлдсэн гээд яриад байгаа талаараа тодруулаач. Хэн гэж албан тушаалтан ингэж хэлсэн юм?
-Дүрэмт хувцас үйлдвэрлэгч идтэй ҮХААЯ, БШУЯ-ны ажлын хэсэг уулзалт хийсэн. Энэ үеэрээ долоон тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлнэ гэдгээ хэлсэн. Тодруулбал ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Баярмаа, мэргэжилтэн Нарангэрэл нар энэ талаар ярьсан.
-Танай холбоонд харъяалалтай хэчнээн үйлдвэр байгаа вэ?
-60.
-Улсын хэмжээнд 540 гаруй мянган сурагч бий. Хамгийн гол нь дүрэмт хувцасны үйлдвэрлэгчид үйлдвэрлэж дийлэх үү. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд захиалгаа дийлэхгүй Хятадад үйлдвэрлэдэг нь нууц биш?
-Бид үйлдвэрлье гээд байга юм биш. Хамгийн гол нь цөөн тооны компанийн бизнес болчих вий гэж болгоомжилж байгаа юм. Тоног төхөөрөмж нь гэхэд хэтэрхий үнэтэй байгаа байхгүй юу. Нэг аймагт 100-150 хүнийг ажлын байраар хангах хэмжээний тоног төхөөрөмж бүхий оёдлын үйлдвэр байгуулахад 81 сая төгрөг хангалттай. 21 аймагт гээд тооцоолоход нийтдээ хоёр тэрбум төгрөг гэсэн тооцоог бид хийсэн. Гэтэл ҮХААЯ долоон тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж яриад байна шүү дээ.
-Сурагчдын дүрэмт хувцасыг 120-130 мянган төгрөгт үйлдвэрлэнэ гэдгийг хэн хэлсэн юм?
- Ажлын хэсгийнхэн хэлсэн. Тухайн дүрэмт хувцсанд ноос ноолуурын хольц орох юм байх. Үндэсний үйлдвэрээ дэмжээд монголд үйлдвэрлэж буй даавуугаар хийх юм гэсэн. Гэтэл өнөөх даавуу нь нэг метр нь 16300 төгрөг гэхээр зөвхөн материал нь 50 мянга болчихож байгаа юм. Тэгээд ажлын хөлс бусад зардал орохоор 120 мянган болно гэсэн. Монголдоо даавуу үйлдвэрлэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хүүхдэд ийм үнэтэй даавуугаар туршилт хийж болохгүй. Дүрэмт хувцас тансаг хэрэглээний хувцас биш шүү дээ.
-Ерөнхий сайдад энэ талаар шаардлага хүргүүлж байгаа гэсэн үү?
- Тийм ээ. Энэ байдлаар байвал орон нутгийн том жижиг үйлдвэрүүд үйлдвэрлэл эрхлэх боломжгүй болно. Тэгээд ч энэ олон жилийн хугацаанд дүрэмт хувцас үйлдвэрлэж буй туршлагаас харахад 30 мянга битгий хэл 20 мянган төгрөгөөр хүүхдэдээ хувцас авч чадахгүй эцэг эх зөндөө бий. Гэтэл юун 120-130 мянган төгрөгөөр дүрэмт хувцас авах вэ. Хамгийн гол нь БШУЯ дүрэмт хувцасны борлуулалт хариуцаж ҮХААЯ тоног төхөөрөмж нийлүүлэх шахах эрхзүйн ямар үндэслэл байгааг Ерөнхий сайдаас асууж байгаа юм.
Б.Ирээдүй