ЗДТГ-ын танилцуулга

Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдаж 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээн заасны дагуу төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ийнхүү зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар болсон юм.

Тамгын газрын чиг үүрэг нь хуулинд зааснаар

- Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

- харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах;

- Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;

- Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;

- хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;

- тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

- төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

- тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх;

- татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх.

Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар нь 1992 оны 11 дүгээр сараас эхлэн шинэ тогтолцооны дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж, 2024 оны байдлаар үндсэн орон тоо 24, босоо удирдлагатай 12 албан хаагч хууль тогтоомжийн дагуу иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна

Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум