Тосонцэнгэл суманд мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан сумын үе үеийн мал эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүд, тэдний гэр бүл, баг бүрээс малчдын төлөөллийг урьж уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, сумын Засаг дарга Ц.Мөнхөө оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Ахмад малын эмч С.Борбаатар 90 жилийн түүхэн замнал, үе үеийн мал ахуйн мэргэжилтнүүдийг дурсан илтгэл танилцууллаа. Тэрээр Тосонцэнгэл суманд мал эмнэлгийн салбар үүсэж хөгжсөн 90 жилийн ойг тохиолдуулан эмч, мэргэжилтэн, албан хаагчдаа дурсан ном гаргасан, үе үеийн эмч, зоотехникч нарын хэрэглэж байсан зарим багаж хэрэгслийг сумын орон нутаг судлах музейд бэлэглэсэн нь анхдагч ажил болсныг тэмдэглэн хэллээ.
Мөн аймгийн Мал эмнэлгийн газрын захиргаа, санхүү албаны дарга Б.Үнэнбат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга Б.Бямбасүрэн нар арга хэмжээнд оролцогчдын дунд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Ойн арга хэмжээг тохиолдуулан ахмад, залуу үеийн төлөөлөл эмч, мэргэжилтэн, зарим малчдад салбарын болон аймгийн ИТХ, Засаг даргын шагнал, Тосонцэнгэл сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн медалийг гардуулан баяр хүргэлээ.